Sunday, March 24, 2013

Мэдээлэл


Төрөлтийн айдас кесарево хагалгаа хийлгэхэд хүргэдэг

Төрөлтийн айдас кесарево хагалгаа хийлгэхэд хүргэдэг
Монголын үрс маш олон болтугай хэмээн бид ерөөдөг. Ерөөлөөр болж сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж, энэ оны эхний хоёр сарын байдлаар 12387 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 808-аар буюу 7.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Хүн ам өсөж буй нь сайшаалтай ч эхчүүд жам ёсоороо амаржиж чадахаа больсон гэх таагүй мэдээлэл чих дэлсэх болов. Өөрөөр хэлбэл, амаржиж буй эхчүүдийн 30 хувь буюу 100 эмэгтэй тутмын 30 нь кесарево буюу манайхны хэлдгээр хийсвэр хийлгэж буй гэнэ. Хийсвэр гэдэг нь жам ёсоороо амаржиж чадахгүй эхийг төрүүлэх нэг төрлийн мэс засал юм. 

Нэг үгээр, жирэмсний болон төрөх үеийн хүндрэлтэй холбоотойгоор хийдэг мэс ажилбар. Жам ёсоороо, хийсвэр хагалгаагаар төрөхийн ялгааг гаргасан албан ёсны тодорхойлолт манайд байдаггүй ч бодит амьдралд сайн, муу нь ажиглагддаг. Хийсвэр хагалгаагаар төрсөн эх тодорхой хугацаанд хоолны дэглэм сахих шаардлагатай. Наад зах нь сүүтэй цай ууж болохгүй, гэдэс дүүргэх хүнс хэрэглэдэггүй. Бага идсэнээс хөхөнд нь сүү орохгүй зэрэг наад захын хүндрэл гардаг тухай төрөхийн эмч нар ярив. Цаашлаад хэсэг хугацаанд жирэмсэлж болохгүй (2-4 жилд), нэг удаа хийсвэрээр төрсөн л бол дараагийн хүүхдээ мөн энэ хагалгаагаар төрүүлэх болдог. 

Хагалгаа хийлгэсэн эхийн умайд сорвижилт үүсдэг. Бүрэн эдгэрсэн нэг нь байхад заримынх нь умай сорвижиж үлддэг. Ийм тохиолдолд дараагийн хүүхэд жамаараа төрөхөд хүндрэлтэй, умай урагдах эсвэл цус алдах тохиолдол гардаг. Иймээс болж өгвөл өөрөөрөө төрөхийг эмч нар зөвлөдөг байна. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэс ний төвд бусад эмнэлгийг бодвол төрөлт хамгийн их байдаг. Эднийд хүндрэлтэй эхчүүд ирдэг учраас хагалгааны хувь ч өндөр байдаг ажээ. Харин өөрөөрөө төрсөн эхчүүд тэнхрэхдээ амархан, хөхөнд сүү хурдан ордог. Жил дараалан хүүхэд төрүүлэх боломж нь хийсвэр хагалгаагаар төрсөн эхчүүдээс илүү байдгийг төрөхийн эмч нар онцолсон. 

Хийсвэр хагалгааг буруу гэх аргагүй юм билээ. Эмч хүн ямар ч аргаар байсан хүний амийг аврах нь чухал. Өөрөөрөө төрөх боломжтой эхчүүдэд эмч нар хүчээр хагалгаа хийхгүй нь ойлгомжтой. Тухайн нөхцөл байдалд тохируулан аль боломжтой аргаар хүүхдийг эх барих нь эмч нарын үүрэг. Харин бүсгүйчүүд яагаад жам ёсоороо төрж чадахгүй, хүндрэлтэй төрдөг болов гэдэг нь асуудалтай боллоо. Эмээ, ээжийн үед гэж тэд одоогоос 30-40 жилийн өмнөхийг хэлээд байгаа юм. Тэр үед бүсгүйчүүд малаа маллаж, гадаа гарч эр, дотор орж эм болсоор хэдэн хүүхдээ төрүүлсэн гэж ярьдаг. Тухайн үеийн бүсгүйчүүдийн бие өнөөгийнхөөс чанга хатуу, чийрэг байсан гэж ярьдаг. 

Орчин үед хийсвэр хагалгаагаар төрж буй нь олон шалтгаантай аж. Наад зах нь эмэгтэйчүүд бие давхар болж, эмчийн хяналтад орсон үеэсээ эхлээд амаржих хүртлээ нэмэлт витамин их хэмжээгээр хэрэглэдэг. Хоол, хүнс тэжээлийн дутагдалтай, бага иддэг, ходоодонд хоол дутуу шимэгддэг зэрэг эмгэгтэй эхчүүд хэрэглэдэг байтал хэвийн бие махбодьтой, жирийн эхчүүд витамин их ууснаас хүүхэд гэдсэндээ хэт томордог байна. Жирэмсний сүүлийн сард эхчүүд хөдлөх нь илт багасдаг. Мөн өндөр илчлэгтэй хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэдгээс гадна сүүлийн үед нийт хүн амын дунд чихрийн шижин өвчин мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэж, жирэмсний үед сэдрэх шинж тэмдэг илүү ажиглагджээ. Чихрийн шижин нь хэвлий дэх хүүхэд болон эхийн жин нэмэгдэхэд нөлөөлдөг учир өөрөөрөө амаржиж чадахгүйд хүрдэг байна. Мөн агаарын бохирдлоос шалтгаалан ураг буруу байрлах тохиолдол нэмэгдсэн гэсэн.

Өндөр хөгжилтэй орнуудад эхийн биеийн жин, өндрийг харьцуулаад хүүхэд төрөх үеийн боломжит хэмжээг тодорхойлж, сар, сард нь хяналт тавьж, эхийн жинг хүүхдийн өсөлттэй харьцуулдаг. Хэрэв ургийн бойжилт том байвал хөдөлгөөн, хоол хүнсээр зохицуулах зөвлөгөө өгдөг байхад манайд хяналт, зохицуулалт хараахан хөгжөөгүй юм билээ. Үүнээс харахад жирэмсний хяналтын тогтолцоог илүү боловсронгуй болгох шаардлага бий. Жирэмсэн эмэгтэйчүүд хяналтад орсон атлаа хэрхэн амаржих тухайгаа мэддэггүй. Төрөх тасагт ирдэг эмэгтэйчүүдийн цөөнгүй хувь нь төрөх үеийн өвдөлт, дүлэлтийн талаар бүрэн ойлголтгүй байдаг учир эхийг хяналтад байх хугацаанд нь хэрхэн төрөх талаарх мэдлэг олгох хэрэгтэйг мэргэжилтнүүд ярьж байна. Эхчүүд дор хаяж жирэмсний үеийн тусгай дасгалуудыг хийж сурах хэрэгтэй гэнэ. 

Швейцарийн Женев хотын их сургуулийн эрдэмтдийн судалснаар хийсвэр хагалгаагаар төрсөн хүүхдүүдийн нас баралт нэмэгдэж байна гэжээ. Шалтгаан нь хийсвэр хагалгааг голдуу төрөх ёстой хугацаанаас өмнө хийдэг. Байгалийн жамаар төрж байгаа хүүхдийн уушги илүү хөгжсөн байдаг бол хийсвэрээр төрсөн хүүхдийн амьсгалах эрхтэн төдий л сайн байдаггүй аж. Жил ирэх тусам хийсвэр хагалгаа хийлгэх сонирхолтой бүсгүйчүүдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд үүнтэй уялдаад хагалгааны явцад үүсэх хүндрэл олширсон. Уг дүгнэлтийг Женевийн Их сургуулийн эрдэмтэд арван хоёр жилийн турш нийт 56649 төрөлтийг ажиглан гаргасан байна. Тэдний үзэж байгаагаар 22 жилийн дараа хийсвэр хагалгаа хийлгэх хүний тоо 20 хувиар өсөх гэнэ. Дэлхийн хэмжээнд хамгийн өргөн хүрээг хамарсан энэхүү судалгаанд 34-өөс цөөн долоо хоног тээлттэй төрсөн хүүхдүүдийг ажиглажээ. 

Хийсвэр хагалгаагаар төрсөн хүүхдүүдийн олонх нь бүтэлттэй төрдөг бөгөөд тэдний 14 нь төрсний дараа сэхээн амьдруулах тасагт шилждэг гэсэн баримт байна. Мөн энэхүү аргаар ертөнцөд мэндэлсэн хүүхдүүд жингийн илүүдлээр өвчлөх магадлал жамаараа төрөгсдөөс хоёр дахин илүү байдаг аж. АНУ-ын Бостон хотын хүүхдийн эмнэлгийн эмч нар ийм дүгнэлтийг гаргажээ. Сюзанна Ха эмчээр ахлуулсан эмнэлгийн багийнхан судалгаа явуулахын тулд төрөхөөр бэлдэж буй 1300 эхийг сонгон авчээ. Тэдний 25 хувь нь хийсвэр хагалгаагаар төрсөн байв. Эмч нар хүүхдүүдийг гурван нас хүртэл нь ажиглахад жингийн илүүдлийн шинж тэмдэг жамаараа төрөгсдийн долоон хувьд, хийсвэр хийл гэж төрсөн хүүхдүүдийн 15 хувьд илэрчээ. 

Түүнчлэн төрөлтийн айдас нь хийсвэр хагалгааг ихэсгэж байгаа аж. Шведэд явуулсан судалгаагаар төрөлтийн айдас нь хийсвэр хагалгаа хийх эрсдлийг нэмэгдүүлж байна гэж үзжээ. Судалгаанд хамрагдсан эхчүүдийн 353 нь төрөлтийн айдастай байснаас 16.5 хувь нь өвдөлтийг тэсэж чадалгүй хийсвэр хийлгэж, 9.6 хувь нь хоёр дахь өвдөлтөөс мөн л дээрх аргыг сонгож байсан гэнэ. Төрөлтийн өвдөлтийн айдас нь ихэнхдээ ойр дотнын найз нөхөд, гэр бүлийнхнээс сонссон зүйлтэй холбоотой ажээ. Мөн орчин үед охид бүсгүйчүүд гоо сайхнаа алдахгүйн тулд сайн дураараа хийсвэр хагалгааг сонгох болсон тухай дуулдсан. Өсвөр насандаа төрж буй эхчүүдийн хувьд энэ нь чухал байдаг бололтой. Эмчээсээ уйлан дуулан гуйж байгаад хийсвэрээр төрдөг болж. Хагалгаагаар төрөх нь тэдний биед муугаар нөлөөлнө гэдгийг одоохондоо хараахан ухаарах гүй байгаа бололтой. 

Дэлхийн олон орны эмч, мэргэжилтнүүд хийсвэр хагалгаанаас аль болох татгалзах нь зүйтэй хэмээн зөвлөж байна. Зайлшгүй хийлгэх тохиолдолд жирэмслэлтийн хоногоо гүйцээх нь чухал. Өөрөөр хэлбэл, жирэмсэн эх хүүхдээ дор хаяж 38 долоо хоног тээсэн байх ёстой гэсэн үг. Харин төрөх хугацаанаас өмнө товлож хийлгэх нь эрсдэлтэй гэдэг нь тодорхой болжээ.

No comments:

Post a Comment