Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дзэр туйлж яваа дүү минь!

Өнгө энэ алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

Үдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Үеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хүйтэн шөнө, зэлэн дээр жихүүцэж суугаа!

Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ.
Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ!
Өвөл болохоос урьтаж, ээждээ нэг очоорой!

Эгэмий чинь яс хугарахад аавын тань цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шүү...
Ширхэг ширхэгээр цайсан үс нь чамайг хүлээсэн хоногуудын тоо,
Шинэ цасаас урьтаж, аавдаа нэг очоорой!

Өвлийн шөнө талд яваа аавыгаа үе үе санаарай,
Өөрөө чи дулаан хөнжилдөө хэвтэж буйдаа гэмшээрэй!
Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бүхнээ
Зарж үрж, бөөн бөөнөөр нь чамд л харамгүй илгээх юм.

Зоогийн газар чи түүнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг уух хэрэггүй!
Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино.
Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол, эх орноо хайрлах ч юу л бол?!

Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хүн
Алтан нар шиг ганцхан юм шүү!
Үр хүүхэд төрлөө гэж баярлаж явах цагтаа
Үсэн буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай!

Хоног өдрүүдийг жаргалтай үлдээ ч, дүү минь
Хорвоогийн юм бүхэнд эцэс буйг санаарай!
Орчлонгийн шуугиан, амьтан хүний хэл ам,
Орон хотын утаа униараас холдож

Аян замын тоосоо гүвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг үзээрэй!
Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь "хүү минь" гэсээр босож ирнэ.

Амсар дүүрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хөгшин яахаа мэдэхгүй сандчина.
Аав чинь гэрийнхээ хойморт Алтайн уул шиг хамхайж
Алив нэгэнд барьц алдахгүй уужуу тайван сууна.

Манан нэвтлэх од шиг нүд нь гялалзаж
Малгайгаа өмсөж, нударгаа засаж, ирж үнсүүлэхийг чинь хүлээнэ.
Төрсөн гэр чинь дулаахан, галын илчинд чи нозоорч
Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг мэдэрнэ.

Морьд үүрсэх хээр талдаа аргалын утаа үнэрлэж
Модон тагштай өрөм идэж, ээжийнхээ гараас цай ууна.
Тансаг сайхныг нь бишрэн, орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглаж,
Хуйлран давхих зээрийн сүрэг, толгод дамжихаас илүү сайхныг
Хурмастын доор үзээгүйгээ мэдэрнэ чи...

Моод хөөсөн хотын ганган хүүхнээс илүүгээр чи
Монгол дээлтэй, хөдөөгийн бор бүсгүйг хайрлана!
Өвгөн хорвоод зуун жил амьдрахгүй ч, хогшил хураагчаас
Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илүү ойлгоно чи!

Харь холын шуугиант хот нионы гэрэл, машины чимээнээс
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илүү ойлгоно чи
Ухаан балартам тачигнасан эстрад хөгжмийн чимээнээс илүү
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи.

Дээдийн номтой мэргэдийг эрж, дэлхийгээр тэнэх хэрэггүй
Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндүү ойшоолгүй явснаа бод!
Ариун үнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд Аав, ээж хоёр чинь юм шүү!

Амьдрал тэднийг гүн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч өршөөх аугаа их сэтгэлтэй болгожээ.
Ачит ээждээ алчуур аваачих хэрэггүй
Аавдаа шил юм өгөх хэрэггүй,

Айлын хүүхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггүй!
Аль алинаар нь тэд дутаагүй!
Эрт цагт гэрээсээ гарсан "өөрийгөө" л
Ээж, аав хоёртоо хүргэж өг!

Эрийн цээнд хүрсэн чамайг харахаас илүү
Эрхэм бэлэг хөгшчүүлд үгүй ээ!

Учир мэдэхгүй нялх багадаа ч,
Ухаан суусан идэр насандаа ч,
Уул овоо шиг л юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа!
Асарч тэтгэсэн ээж, аавынхаа
Ачийг нэг мөсөн хариулж
Амтатыг идүүлж, өнгөтийг өмсгөж
Алтан аяганаас уулгахын дайтай
Андуурч, эндүүрч явлаа.

Одоо л ээж, аавыгаа жаргаая гэтэл
Орчлонгийн тоглоом даанч хатуу...!
Алба ажлын эрхээр газар алс одоод
Аян замыг хороосоор яаран яарсаар ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа!

"Хүүтэйгэй л нэг уулзмаар байна даа" гэж ээжид минь хэлсэн гэдэг!
Хүслийн сүүлч нь ганцхан энэ л байсан юм шүү!
Чи зэмлэл хүлээж, зэргийн нөхөддөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бүсгүйдээ хаягдаж болно

Харин аав, ээж чинь сэрүүн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хүлээхээс илүү жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгүй...
Алдааг минь та нар бүү давтацгаа!

Аав, ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа!...
Алтан дэлхийд үүнээс илүү гавъяаг ах нь мэдэхгүй ээ!
Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж

Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!
Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!