Monday, May 6, 2013

Заавал уншаарай


Үр хөндөлт болон түүний дараах жирэмслэлт

Аборт хийлгэхийг ямар ч эмэгтэй, эх хүн хүсдэггүй нь мэдээж. Нийгмийн хүчин зүйл болоод эрүүл мэндийн олон сөрөг асуудлуудаас шалтгаалан яах аргагүй ийм шийдвэрт хүрч эмнэлгийн орон дээр хэвтдэг байх. Хүний биеийн хэвийн үйл ажиллагааг гадны, механик аргаар тасалдуулж байгаа учраас таагүй үр дагаврууд дагуулах хандлага мэдээж их байдаг. Үр хөндөлтөнд орсны дараа дахин жирэмслэхдээ юуг анхаарах талаар мэдээлэл бэлтгэлээ.
Абортын дараах эмчийн хяналт, гам:
Эмнэлгийн абортыг 12 хүртэл долоо хоногтойд хийхийг зөвшөөрдөг бөгөөд 6-7 хоногтойд хийхийг зохистой гэж үздэг. Хагалгааны дараа хэдэн цагийн туршид эмчийн хяналтанд байх ёстой бөгөөд хэвийн үед эмэгтэйг тэр өдөрт нь эмнэлгээс гаргадаг. Мэс засал хийлгэсний дараа ариун цэврийн дэглэмийг чанд сахина. Мэс ажилбарын дараах хоёр долоо хоногт хүнд юм өргөхгүй, хэт ядрахгүй, доороосоо огт даарахгүй дулаан байхад анхаарах хэрэгтэй. Зөвхөн шүршүүрт усанд орж, гадна бэлэг эрхтэнээ буцалсан усаар угааж, дотуур өмдийг ойр ойрхон солих хэрэгтэй.
Бассейн, баннтай усанд орж болохгүй бөгөөд шавхдас гарч буй 5-10 хоногт бэлгийн харьцаанд орж болохгүй. Үр хөндүүлсэний дараа заавал үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэх ёстой.Үрэвсэл даамжруулах хандлагатай байдаг учраас шууд жирэмслэлтээс хамгаалах ерөндөг тавьж болдоггүй. Мөн сарын тэмдгийн мөчлөг алдагдах нь бий. Энэ нь цагаас эрт хөгшрөхөд хүргэдэг. Цусархаг ялгадас гарах, хэвлийн доогуур өвдөх зэрэг зовиурууд илэрвэл яаралтай эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй.
Абортын дараах жирэмслэлт:
Үр хөндөлтийн улмаас умайн үйл ажиллагаат давхарга шавхагдах, үрэвсэлт өвчин зэрэг нь үргүйдэлд хүргэж болзошгүй. Мөн ахин жирэмслэсэн тохиолдолд дараах хүндрэлүүд үүсэх магадлалтай.
Умайн хүзүүний гэмтэл
Үр хөндөлтийн явцад умайн хүзүүний гэмтэл үүссэний үр дүнд умайн хүзүү ба хүзүүвчний дутагдал үүсэх боломжтой болдог. Ийм дутагдал үүссэн үед умайн хүзүү нь өөрийн тогтоон барих үүргийг гүйцэтгэхгүй болдог. Энэ хүндрэл нь анхны жирэмслэлтээ аборт хийлгэснээр гол төлөв үүсдэг. Яагаад гэвэл хамгийн анх жирэмсэлж байгаа учир умайн хүзүүний суваг нь маш нарийн, мэс заслын багажаар тэлэгдэхдээ муу байдаг юм.
Умайн хүзүү ба хүзүүвчний дутагдал нь голт төлөв жирэмсний 16-18 дахь долоо хоногт зулбах байдлаар илэрнэ. Харин умайн хүзүү үйл ажиллагаагаа бүрэн гүйцэтгэх боломжгүй гэдгийг урьдчилан мэдэж байгаа тохиолдолд энэ хүндрэлээс сэргийлж оёдол тавиулж болно. Гэвч зулбасны дараа уг дутагдал буйг оношилж, зохистой эмчилгээг зөвхөн дараагийн жирэмслэлтийн үед хийхээс өөр боломжгүй байх нь цөөнгүй тохиолддог. Хэрэв үр хөндөлт хийлгэх үед умайн хүзүүнд гэмтэл авч байсан бол жирэмснийхээ хяналтын эмчид эртнээс хэлж шаардлагатай үед хэт авианы шинжилгээ хийлгэх нь зөв.
Шар биетийн дааврын дутагдал
Гормон буюу дааврын зохицуулалтанд өөрчлөлт орсноор жирэмсний эхний гуч хоногт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг шар биетийн дааврын дутагдлаар хүндрэл илэрч болно. Жирэмсний үед ургийн хэвийн өсөлт хөгжилтийг хангахын тулд эхийн бие махбодийн бүх системүүд өөрчлөгддөг. Харин жирэмслэлтийг зохиомлоор таслах үед эрхтэнүүдийн хэвийн ажиллагаа алдагдаж болзошгүй. Эмчийн заалтын дагуу шаардлагатай эмийн бэлдмэлийг хэрэглэх замаар энэ хүндрэлийг арилгаж болно.
Умайн дотоод давхаргын гэмтэл
Үр хөндөлтийн явцад умайн дотоод давхарга гэмтэн, нимгэрдэг. Харин ургийн өндөг нь энэ давхаргад бэхлэгдэх ёстой байтал нимгэрсэн, архаг үрэвслийн голомттой, наалдацтай тохиолдолд ургийн өндөг нь умайн хананы гэмтэлгүй хэсэгт бэхлэгдэнэ. Гэмтэлгүй хэсгүүд нь умайн хүзүүний доод хэсэгт байрладгаас болж ихэсийн доогуур ургийн өндөг байрлаж ихэс умайн хүзүүнээс гарах гарцыг хаадаг. Эсвэл бүр ургийн өндөг нь умайд бус умайн хүзүүнд бэхлэгдэж болно. Умайн хүзүүний жирэмслэлтийг бүрэн тээж болдоггүй учир ахин үр хөндүүлэхэд хүрнэ. Мэс ажилбар хийлгэх явцад умайн дотоод давхаргын үйл ажиллагаа бүрэн бус болдгоос үүдэн ихэсийн бүрэлдэх явцал гажиг үүсч болно. Ингэсэн тохиолдолд ургийн өсөлт зогсоно эсвэл жин дутуу хүүхэд төрж болзошгүй.
Умайн ханын нимгэрэл
Хэд хэдэн тооны үр хөндөлтийн нөлөөгөөр умайн хана нимгэрсэн, эсвэл мэс ажилбарын явцад умайн хана цоорсон тохиолдолд умайн урагдалт үүсдэг. Хана цоорсон үед хагалгаа хийж нөхөн сэргээж, эсвэл цооролт бага бол мэс засал хийлгээгүй эмчилгээ хийж хяналт тавьдаг. Аль ч тохиолдолд цоорсон газар холбогч эс үүснэ. Холбогч эсийн сунах чадвар сул тул жирэмсний явцад, эсвэл төрөх үед умай урагдах бөгөөд ийм тохиолдолд эх, хүүхэд хоёр ихээхэн аюултай байдалд ордог.
Хэдийгээр дээрх хүндрэлүүд байдаг ч, зулбалт болон үр хөндөлтийн дараа амжилттайгаар дараагийн хүүхдээ эсэн мэнд тээж, одоо аз жаргалтайгаар үрээ энгэртээ тэвэрч суугаа эхчүүд олон байдгийг сана. Гол нь эмчийн хяналтан дор бичиж өгсөн эмийг нь зааврын дагуу ууж, гамаа сайн барьж, дахин тийм явдал гаргахгүй байхад анхаарч өөрийгөө гамнан болгоомжтой байх ёстой. Мөн үр хөндөлт хийлгэсний дараа эмчээсээ гарч болох бүх л хүндрэлийн тухай мэдээлэл аван, 3 сар тутамд эмэгтэйчүүдийн эмч дээр очиж, эхо-нд харуулж, биеэ тэнхрүүлээрэй. Чи бол ирээдүйд ээж болох хүн. Өөрийнхөө болон ирээдүйн гэр бүлийнхээ төлөө биеэ хайрлаарай.

No comments:

Post a Comment