Monday, October 21, 2013

Жирэмсэн үед халдвараас сэргийлэх зөвлөгөө

Жирэмсэний хугацаанд та халдвараас сэргийлж чадснаар өөрийн болон хүүхдийнхээ эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалж чадах болно. Үүний тулд дарааг зөвлөгөөг мөрдөөрөй.
1.    Дараах зүйлсийг хийсний дараа гараа савандаж сайтар угааж байх хэрэгтэй.
•    Ариун цэврийн өрөөнд орсны дараа
•    Түүхий болон шүүрхий мах, өндөг, угаагаагүй хүнсний ногоонд хүрсний дараа
•    Хоол бэлдэхдээ болон идэхдээ
•    Бохир хөрс, тоос, шороотой хүрэлцсэний дараа
•    Гэрийн тэжээвэр амьтдад хүрсний дараа
•    Өвчтэй хүнтэй ойр байгаа бол
•    Бага насны хүүхэдтэй хүрэлцэх, тоглосны дараа
•    Хүүхдийн даавуу өлгий сольсны дараа
2.    Бага насны хүүхэдтэй аяга халбага, болон идэх юм хувааж идэхгүй байх
Бага насны хүүхэдтэй ойр байхдаа гараа тогтмол угааж байх хэрэгтэй. Хүүхдийн шүлс, шээс зэрэгт зарим төрлийн ноцтой халдвар үүсгэдэг вирусууд агуулагдаж байж болзошгүй. Энэ вирус танд онцын нөлөө үзүүлэхгүй байж болох боловч таны төрөөгүй байгаа хүүхдэд ноцтой асуудал үүсгэж болно.
3.    Махыг сайтар болгож идэх
Махны шүүс болон дотор талыг улаан өнгийг нь борлотол гүйцэт болгож хэрэглэх хэрэгтэй. Хот дог, котлет, хиам зэргийг аль болох хэрэглэхгүй байх, хэрэглэвэл дахин сайтар халааж хэрэглээрэй. Дутуу болгосон болон хагас боловсруулсан махан бүтээгдэхүүнд хоруу чанар өндөртэй нян байх магадлал өндөр гэдгийг мартаж болохгүй.
4.    Түүхий сүү болон сүүн бүтээгдэхүүнээс татгалзах
Зарим төрлийн түүхий сүү, сүүн бүтээгдэхүүнд халдварт өвчний нян байдаг тул гүйцэт боловсруулж, буцлагаж хэрэглэх шаардлагатай.
5.    Муур болон мэрэгч амьтдын ялгадасанд бүү хүр
Муурын ялгадасанд токсоплазмозын нян байдаг тул жирэмсэн хүн муур тэжээх, хүрэлцэхээс зайлсийх хэрэгтэй. Мөн гэрийн тэжээвэр болон зэрлэг мэргэчдийн ялгадасанд хүрэхгүй байх хэрэгтэй. Зайлшгүй шаардлага гарвал бээлий өмсөхөө битгий мартаарай.
6.    Бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ өгөх, халдвар авахаас сэргийлэх 
Жирэмсэн болохоосоо өмнө бэлгийн замын халдвар, дархлал хомсдлын хам шинж, гепатит зэргийн шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд жирэмсний явцад шинжилгээнд дахин хамрагдахаас гадна шинээр халдвар авахаас онцгой сэргийлэх хэрэгтэй.
7.    Дархлаажуулалтын талаар эмчтэйгээ ярилцаарай
Зарим вакциныг жирэмсэн болохоос өмнө хийдэг бол нөгөө хэсгийг нь жирэмсний хугацаанд болон төрсний дараа хийх ёстой байдаг. Зөв цаг хугацаанд нь зохих дархлаажуулалтыг хийлгэх нь таны болон таны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах болно гэдгийг санаарай.
8.    Халдвартай хүнээс хол байх
Халдварт өвчтэй хүмүүсээс хол байх хэрэгтэй. Ялангуяа салхинцэцэг, улаанбурхан, улаанууд зэрэг өвчнөөр өвдсөн хүмүүсээс хол байгаарай. Хэрэв та эдгээр өвчнүүдээр өвдөж байгаагүй бол жирэмсэн болохоосоо өмнө вакцин хийлгэх шаардлагатай.
9.    Б стрептококкийн тухай эмчтэйгээ ярилцаарай 
Нийт эмэгтэйчүүдийн  дөрөвний нэгд энэ төрлийн нян агуулагдаж байдаг боловч ямар нэгэн шинж тэмдэг илэхгүй байж болдог. Жирэмсний сүүлийн хугацаа дөхөх үед энэ нянг илрүүлэх шинжилгээ хийж шаарлдагатай бол эмчилгээ хийх болно.
Эдгээр зөвлөгөө нь таны хүүхдэд хорт нөлөө үзүүлж болох халдвараас сэргийлэхэд танд туслах болно. Хэрэв та ямар нэгэн халдвар авсан бол тухай бүрд заавал халдварын шинж тэмдэг илрэхгүй байж болно. Иймд та халдвар авсан байж магадгүй гэж бодвол эмчид хандаж зохих шинжилгээг цаг алдалгүй хийлгэх хэрэгтэй.

No comments:

Post a Comment